Wednesday, 13 November 2019

Сүрэг хоньтой Мигүүлэй хэмээгч Монгол хүн байжээ. Нэг шөнө чоно сүрэгт нь халдаж, дийлэнхийг нь сүйдэлжээ. Маргааш нь нөгөө Монгол хүн хааны ордонд очиж энэ учрыг айлтгавай. Өгөдэй хаан "Чоно хаашаа одов" хэмээн асуужээ. Яг энэ үед хэдэн Мусульманчууд тэр газраас нэг чоныг амьдаар нь бариад хүлэн авчирч гэнэ. Хаан зуун балыш өгч мөнөөх чоныг худалдан аваад тэр Монгол хүмүүнд "Энэ чоныг алавч чамд ашиггүй" хэмээгээд зарлиг буулган түүнд мянган хонь өгөөд "Би энэ чоныг тавьж үүссэн нөхцөл байдлыг хань нөхдөд нь дуулган тэднийг эндээс зайлуулж өөр тийш явуулсугай" хэмээв. Чоно тавигдсаны дараа нохойд баригдан үхжээ. Хаан нохой чоно барьсныг сонсоод ихэд хилэгнэн зарлиг буулгаж тэр нохойг даруйхан алуулав. Хаан ордондоо хариад гасалж зовнин бодлогширсоор олон түшмэлдээ хандан "Миний өвчин өдөр идэрхүйеэ хүндэрч байгаа болохоор энэ чоныг тавиад үхлээс хэлтрүүлбээс Мөнх тэнгэр намайг ивээж тэтгэх болсугай хэмээсэн бөлгөө. Гэвч чоно нохойн амнаас хэлтэрч эс чадсан тул би бас аюул барцдаас хэлтрэхүйеэ бэрх болжээ" хэмээн өгүүлэв. 

Рашид Ад Дин "Судрын чуулган, Өгөөдэй хааны тэмдэглэлээс"

No comments:

Post a Comment