Tuesday, 27 December 2022

Айн Жалутын тулалдаан

 



Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулж, хойч үедээ ичгэвтэр болохгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана.

Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашгиран дайран оржээ. 

Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. 

Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, Mонгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюк-түрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. 

Мамлюк харваачид Хит Бухын тахимыг нь нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ.Күтүз Mонгол эрийг өмнөө сөхрүүлэх гэсэн боловч чадсангүй. Күтүз “Буруу номтон чи, гэмгүй олны цусыг урсгаж, эртний сурвалжид хаад, баатар эрсийн амийг хөнөөв чи. Одоо харин чиний ээлж ирэх чинь энэ дээ” хэмээн тавласан байдалтай ял асуусанд Хит Буха “Эзэн хүн харьяатынхаа өмнө сөгддөг ёсон үгүй” хэмээн омог бардам өчиж, “Чи бол өөрийг чинь өргөж босгосон эзнээ алж, хаан ширээнд суусан өчүүхэн боол. Би чам шиг эзнийхээ араас хутга шааж байсангүй, ямагт үнэнч явсан” хэмээн Күтүзийг өөрийг нь хариу яллан донгоджээ.  


“Намайг аллаа ч ялж сөхрүүлж чадахгүй. Би үхэх ёстой бол энэ нь чиний сайных бус Мөнх Тэнгэрийн тааллаар болж буй хэрэг. Иймд чи хормын төдий ч бүү баярла, хумсын төдийд ч бүү сайрх. Өчүүхэн боол та бүхний энэ явдлын тухай Хүлэг хааны сонорт хүрмэгц, эзний хилэн далай мэт давалгаалж, Азербайжанаас Мисир хүртлэх газар нутгийг Mонгол морины туурайгаар тэгшлэх болно. Би бол Хүлэг хааны жирийн нэгэн дайчин, над шиг ийм эрс эзэнд минь мянга мянгаараа бий” гэжээ. Ертөнц дахиныг хураан захирах ёстой, Mонголчууд бол ард түмнүүдийн эрхт эзэн нь юм.




Saturday, 14 December 2019

Их Монгол улсын их хааны тамга нь (Хасбуу тамга)
Чингис хааны зарлигаар анх бүтээгдсэн. Уг тамга нь Монголын Их хааны эрх мэдэл, захирах эрх зүйн хэм хэмжээг нийтэд тунхаглан зарлаж, баталгаажуулсан чухал бүтээл юм.

"Тамганы дардасны тайлал"
"Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далайн Их Хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" хэмээжээ.

Хубилай хаан ширээнд сууснаасаа хойш өөрийн гэсэн шинэ тамгыг цутган хэрэглэх болсон бөгөөд энэ үеэс Чингис хааны тамга сураг тасарсан.


Saturday, 7 December 2019

Баавгай, бар ,арслан, зааны алыг ч аргандаа оруулан хөтөлж болно. Харин гагцхүү талын чоныг л тийн хөтөлж болдоггүй ажгуу.

Thursday, 5 December 2019

Бидний цусанд, ялангуяа хаад язгууртнуудын цусанд нүүдэлчний үзэл санаа шингээстэй байдаг юм. Тэр нь хойд үеийхэнд өвлөгдөн очихдоо зан төлвийн тодорхой хэсгийг бүрдүүлэх болно. Бид илүү уудам орон зай руу тэмүүлэх тэрхүү үзэл санааг зан төлвийн энэ шинжтэй холбон ойлгох хэрэгтэй. Тэр чанар нь улс орон болгоныг боломж л олдвол илүү уудам орон зай руу чиглүүлж, тэдний эрх ашгийг тэнгэрийн хаяа, газрын гав хүртэл өргөсгөж байдаг юм.

Жорж Уэльс "Дэлхийн түүхийн товчоон"

Wednesday, 13 November 2019

Сүрэг хоньтой Мигүүлэй хэмээгч Монгол хүн байжээ. Нэг шөнө чоно сүрэгт нь халдаж, дийлэнхийг нь сүйдэлжээ. Маргааш нь нөгөө Монгол хүн хааны ордонд очиж энэ учрыг айлтгавай. Өгөдэй хаан "Чоно хаашаа одов" хэмээн асуужээ. Яг энэ үед хэдэн Мусульманчууд тэр газраас нэг чоныг амьдаар нь бариад хүлэн авчирч гэнэ. Хаан зуун балыш өгч мөнөөх чоныг худалдан аваад тэр Монгол хүмүүнд "Энэ чоныг алавч чамд ашиггүй" хэмээгээд зарлиг буулган түүнд мянган хонь өгөөд "Би энэ чоныг тавьж үүссэн нөхцөл байдлыг хань нөхдөд нь дуулган тэднийг эндээс зайлуулж өөр тийш явуулсугай" хэмээв. Чоно тавигдсаны дараа нохойд баригдан үхжээ. Хаан нохой чоно барьсныг сонсоод ихэд хилэгнэн зарлиг буулгаж тэр нохойг даруйхан алуулав. Хаан ордондоо хариад гасалж зовнин бодлогширсоор олон түшмэлдээ хандан "Миний өвчин өдөр идэрхүйеэ хүндэрч байгаа болохоор энэ чоныг тавиад үхлээс хэлтрүүлбээс Мөнх тэнгэр намайг ивээж тэтгэх болсугай хэмээсэн бөлгөө. Гэвч чоно нохойн амнаас хэлтэрч эс чадсан тул би бас аюул барцдаас хэлтрэхүйеэ бэрх болжээ" хэмээн өгүүлэв. 

Рашид Ад Дин "Судрын чуулган, Өгөөдэй хааны тэмдэглэлээс"

Monday, 11 November 2019

Маш урт хугацааны туршид аливаа соёл иргэншил нь хаант төрийн тогтолцооны замаар оршин хөгжиж ирсэн байдаг. Бараг бүх хаад болон төр улс нь эхэндээ хамаг хүчээ шавхан улс гэрээ төвхнүүлж авсны дараа цэнгэл жаргалдаа ташууран уруудан доройтсоор эцэс сүүлдээ говь цөл, тал хээрээс гаралтай илүү эрч хүчтэй үндэстэнд эзлэгдсэн үйл явцыг олж үзэж болох юм.

Хувь хүний үүднээс авч үзэх юм бол бидний мэдэх Монгол, Шумит болон Нордик үндэстнүүд бүгд суурьшмал үндэстнүүдээс илүү цовоо сэргэлэн хатан зоригтой зан чанарыг өөртөө шингээсэн байдаг. 

Ж. Вэйльс "Дэлхийн түүхийн товчоон"

Sunday, 10 November 2019

Үсүний ванг Күньмө хэмээмүй. Күньмөгийн эцэг Хүннү гүрний баруун этгээд дэх нэгэн ханлигийг захирдаг байжээ. Хүннүчүүд тэдэн рүү дайран алах үеэр Күньмө төрж хээр хаягдсанд хэрээ мах зуун тэжээж, өлөгчин чоно хөхүүлж өсгөв гэнэ. Хүннүгийн хаан түүнийг ихэд гайхан сахиус байх гэж бодоод өргөж өсгөжээ. Күньмө өсөж том болоод цэрэг удирдан хэдэнтээ том гавьяа байгуулав. Хүннүгийн хаан түүнд эцгийн мэдлийн газар ард иргэдийг өвлүүлж, баруун газрыг сэргийлэн сахиулжээ. . . Хүннүгийн хаан өөд болсны дараа Күньмө харьяат олныг удирдан хол нүүж Хүннүд алба өргөхөө больжээ. Хүннүчүүд цэрэглэн дайлаад эс ялсан тул сахиус буюу хэмээн хол зай барих болжээ.

Сы Ма Цянь "Түүхэн тэмдэглэл зохиолын Даваний шастираас"